ХҮҮХЭД - ХӨГЖИЛ

Монгол хүүхдийн дуу

2009 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/1ZyZ8ohaqnc&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/1ZyZ8ohaqnc&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Миний хэнз хурга

2009 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/ibvvCS4_AqU&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/ibvvCS4_AqU&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

6 настай дуучин

2009 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/llcHjVOrWEg&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/llcHjVOrWEg&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Ухаантай хүү

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

4 нас ч хүрээгүй бяцхан ачаа гэрлүү нь явуулах болсон эмээ хүүгээ дагуулаад дэлгүүрээр хэсч байжээ. Тэгээд ач хүүгээсээ, - миний хүү маргааш өглөө автобусанд суугаад, аав, ээж хоёр дээрээ очино, миний хүү эмээгээрээ юу авахуулах вэ? гэж асуухад, хүү хариуд нь:

- эмээ минь юмаар яах вэ? хоёулаа гандангаараа л нэг орчихоё доо... гэжээ. Ийм ухаан биднээс гарах болов уу?...

4 настай хүүхэдтэй харьцах арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-       Хүүхэд зураг, баримал, өрж байгуулах тоглоомондоо хүмүүсийн амьдрал болон эд юмсыг дүрслэхдээ яг тэр чигээр нь биш, харин өөрт нь таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн онцгой хэсгийг илүүтэй тусгадаг учраас эцэг эх та бүхэн хүүхдэдээ шинэ зүйлийг мэдүүлж ойлгуулах, шинэ чадвар эзэмшүүлэхдээ хөгжлийн нь онцлогийг анхаараарай.

-       Мөн хүүхэдтэйгээ хамт гадуур зугаалж орчны болон байгалийн тухай асууж, ярилцаарай. Аль болох амьдралд ойрхон жишээгээр ажиглах, тоолох чадварыг нь хөгжүүлээрэй.

-       Өөрийн тоглоом, юмсын өнгө, хэлбэр, хэмжээ, зориулалтыг хүүхдээсээ асууж, нэрлүүлж, ярилцаарай.

-       Ойр орчны айлын хүүхдүүд болон найз нараас хэн нь хамгийн өндөр, дэлгэсэн ааруулын аль нь том, гэхчилэн юмсын хэмжээ өөр өөр байдгийг мэдүүлэх зорилгоор хүүхэдтэйгээ ярилцаарай.

-       Өөрийн бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, бодол санаагаа солилцох, томчууд болон үеийн хүүхэдтэйгээ харилцах, яриагаараа насанд хүрэгчид болон найз багачууддаа нөлөөлөх зэрэг хэл ярианы бүхий л үүргийг хүүхэд энэ насанд илүүтэй эзэмшдэг гэдгийг эцэг эхчүүд та бүхэн алхам тутамдаа санаж байгаарай.

-       Та хүүхэддээ бид баруун гараараа зураг зурж, хоол иддэг, харин нөгөө гар бол зүүн гар гэж тайлбарлаж өгөөрэй. Мөн миний хүү хэдэн үхэр хойшоо явлаа, эргүүлээд баруун тийш болгоорой гэхчилэн өдөр тутмын амьдралаас жишээлж орон зайн хүртэхүйг нь хөгжүүлээрэй.

-       Та хүүхдийнхээ яагаад? Ямар учраас? Гэсэн асуултанд аль болох хариулж байх нь зүйтэй. Таны хүүхэд хэдий чинээ олон асуулт тавина, төдий чинээ хүүхдийн танин мэдэх сонирхол хөгжиж оюун ухаан нь тэлж хөгжих болно.

Хүндэт ээжүүдээ, бид үр хүүхдээ томоор харж, ирээдүйг нь томоор төсөөлж чадвал бидний үрс "том" л амьдрах болно. Би энэ блог-оо монголын сайхан эхчүүдийн үрээ гэсэн сэтгэл, итгэлийн энергиэр дүүргэхийг хүсч байна. Бидний чин сэтгэлийн энергийн хуримтлал монголын ирээдүйг цогцлоох болно. Тиймээс эрхэм та надтай нэгдэхийг хүсвэл, ehiin_setgel@gogo.mn хаягаар хүүхдийнхээ тухай, ирээдүйд ямар хүн болгохыг хүссэн итгэлийн энерги шингэсэн, сэтгэлийн үгээ, хүсвэл хүүхдийнхээ зурагтай нь явуулах буюу эсвэл өөрийн мэйл хаягаа явуулж, энэхүү блог дээр мэдээлэл оруулах эрхийг нээлгэж болно. Миний блогоор аялсан танд баярлалаа. Та оюуны хувьд өдрөөс өдөрт өсөн хөгжиж, таны амьдрал өдрөөс өдөрт өсөн дэвжих болтугай. Хүндэтгэсэн Ж.Хорлоо

Миний хоёр дахь хүү ДДК-ын эзэн болно.

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Миний хоёр дахь хүү Б.Мөнх-Алдар. 2007 онд төрсөн. 

Хүү маань дөнгөж нэг ой өнгөрч байгаа ч маш их ухаантай. Эмээгээ, -кошонкоо аваад ир гэхээр угсардаг том кошонк нь салгуун байхад шууд хоёуланг нь олж бариад тэнтэр мунтар алхаад ирнэ... Газар хулдаасан дээр шээчихээд  гал тогооны өрөөнөөс шалны алчуур авчираад арчина... Талх өгөхөөр эхлээд юу түрхсэн байна гэдгийг  сайн ажиглана... Ном үзэх их дуртай, тоглоомыг эргүүлж тойруулж хараад, ганц хоёр секунд л барина... юмны бөглөө таглааг эвийг нь олоод нээхдээ сайн. Аливаа зүйлийг маш гярхай ажиглана. Тиймээ миний хүү бол эх орондоо ихийг хийх гэж ирсэн хүү. Ээж нь байнга хүүгээ дэмжин тэтгэх болно. Миний хүү 2013 оны 9-р сард сургуульд орж, эрдэм номтой нөхөрлөөрэй. Юуны түрүүнд эх хэл бичигээ гаргуун сайн сураарай. 2017 онд Англи хэл сурч, 2019 онд Орос хэл, 2021 онд Хятад хэл сураарай. 2018 оноос бизнесийн ухаан судалж, 2020 оноос маркетингийн ухаан, 2023 оноос Ирээдүй судлал, менежментийн ухаан судалж, 2025 оноос өндөр технологи судалж, 2027 оноос анхныхаа компанийг байгуулж, 2037 онд эх орныхоо байгалийн цэвэр түүхий эд дээр тулгуурласан, өндөр технологийн бүтээгдэхүүн гаргаж дэлхий дахинд түгээдэг Дэлхий Дамнасан Корпорацийн эзэн болоорой. Тэр үед зөвхөн аав, ээж нь биш түмэн олон чамаар минь бахархах болно. Ээж нь хүүдээ итгэж байна. Миний хүү түүний төлөө л "хүн" болж төрсөн юм шүү. 

3 настай хүүхэдтэй харьцах арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-Хүүхдийнхээ хэр хэмжээнд тохирсон зүйлийг хийхэд нь туслаж, яаж хийх аргыг нь сайтар тайлбарлаж өгөх (хоолоо яаж идэх, хөтөвчинд суух, хувцсаа өмсөх, чихэр задлах гэх мэт)

-Хүүхэдтэйгээ гадуур зугаалах, дэлгүүрээр явахдаа орчин тойрны байгаль, мод, ургамал, дэлгүүр, хашаа, саравч, мал, машин гэх мэт хүрээлэн байгаа юмсыг нэрлүүлж ярилцаж байх.

-Хүүхдийнхээ хийсэн зүйлийг магтан сайшааж байх.

-Зураг зурах, ном үзэж тоглох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарах. (цаас, харандаа, ном, будаг, баримлын шавар, өрж байгуулах тоглоом гэх мэтийг бэлтгэж өгөх)

-Хүүхдээ багаас нь эмх цэгцтэй байдалд сургахын тулд тоглоомоо хурааж байхыг зааж өгөх

-Хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй байх.  

Гурван настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

3 настай хүүхдийн онцлог бол орчин тойрныг ажиглаж юмсыг танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бие даах гэсэн оролдлого тод ажиглагддагт оршино.

            Бие даах гэсэн үгийг хүүхэд хэлэх маш дуртай байдаг. Үүнийг зарим эцэг эхчүүд ойлгохгүй “бага юм”, “чадахгүй, чадахгүй асгачихна”, “хувцсаа муухай болгочихно”, “хагалчихна” гэх мэтчилэн урдуур нь орж, өмнөөс нь өөрсдөө хийх гэснээс болж хүүхэд зөрүүдлэх зан авир гаргахад хүргэдэг. Тухайлбал: энэ насанд хүүхэд “хоолоо идье”, “ундаа уумаар байна”, “цай ууя”, “халуун байна шүү” гэхчилэн томчуулаас хүсдэг төдийгүй хоолоо идэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураах зэрэг үйлдлийг хийж чадна. Ийнхүү нэг талаас хүүхэд өөрөө бие даан хийх гэсэн хүсэл оролдлого, нөгөө талаас томчуул насанд хүрэгчид энэ хүслийг нь ойшоож анхаардаггүйгээс болж хүүхдийг зөрүүд зантай болгодог тал бий. Ийм учраас та хүүхдээр хэр хэмжээнд нь тохирсон зүйл хийлгэхэд анхаарч дэмжиж, харин яаж хийх аргыг нь тайлбарлаж өгөх нь зүйтэй. Жишээ нь: хооллох үед өөрт нь тохирсон ширээ сандал бэлтгэн тухтай суулгаад халбагаа яаж барьж хэрхэн хооллохыг нь хэлээд өгвөл хүүхэд өөрөө тухтай хооллох болно. “Би өөрөө” гэсэн бие даах хүслийг нь ашиглаж хүүхдийг хөтөвчиндөө сууж бие засах чадварыг нь улам батжуулах нь чухал. Юуны өмнө хөтөвчинд бие засах нь сайн зүйл гэдгийг хүүхэддээ ойлгуулан, хүүхэддээ тод өнгөтэй хөтөвчийг авч өгөн хүүхэд өөрөө амархан олж чадах нэг л газар тавьж байвал сайн. Хоол идсэний дараа, гадаа гарахаас өмнө хөтөвчиндөө өөрөө бие засч сурах нь  таны ажлыг ихэд хөнгөвчлөх болно гэдгийг анхаараарай.

Энэ насанд хүрээлэн байгаа орчин байгалийн болон эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрэлдэж эхэлнэ. Тухайлбал: нар, сар, цас, бороо, салхи, уул, ус, мал, амьтан, цэцэг, ургамлын талаар өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог төдийгүй сав суулга, гэрийн эд хогшил, хувцас хунар, ойр дотны хүмүүсийн нэрийг мэддэг, нэрлэдэг болно. Төсөөллийн хүрээ нэмэгдэхийн хэрээр тоглохдоо хэрэглэх зүйлийн тоо ч нэмэгдэнэ. Юмыг орлуулан дүрслэн тоглож эхэлнэ. 2 настныг бодвол ганцаараа тоглож, тоглоомоо өмчилсөн байдалтай байдаг нь багасч хоёр гурвуулаа тоглодог болно. Энэ насны хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж тогтооно.

Гурван настангууд зураг зурах дуртай, улаан, шар, ногоон, цэнхэр өнгийг “гоё өнгө” гэж нэрлэнэ. Зурж будахдаа нэгээс хоёр өнгийг сонгож хэрэглэнэ. Том, жижиг дугуй юмны дүрс зурж эхэлнэ. Зурж байгаа зүйлрүүгээ анхаарал нь төвлөрч эхэлдэг. Зураг зурж будах нь хүүхдийн ерөнхий хөгжил, мэдрэхүй болон гар, сарвууны булчин хөгжихөд нь тустай тул эцэг эхчүүд хүүхдэдээ цаас дэвтэр харандаа, өнгийн будаг, зурагтай ном бэлтгэж зурж будахыг нь дэмжвэл зохино. Өнгийг нэрлүүлж тогтоолгох нь зүйтэй. Энэ насанд өөрийнхөө хүссэн зүйлийг авахуулах, тоглохдоо хамт тоглосон хүүхдийнхээ тоглоомыг нь аваад явах, энэ минийх гэх мэт зан авир гаргах нь заримдаа эцэг эхчүүдийг хүнд байдалд оруулдаг. Иймд эцэг, эхчүүд энэ үед нь тайван хандаж, энэ чинийх биш, бусдын юмыг хамаагүй авч болохгүй гэх юм уу эсвэл энэ удаад ээж нь авч чадахгүй боллоо гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Хүүхэд үүнийг ойлгоно. Хүүхдийн сайн үйлийг байнга дэмжих нь зүйтэй. Учир нь хүүхэд үүнд маш их урамшдаг. Хувцас оймсоо өөрөө өмсөх, чихэр задлах, тоглоомоо өрөх гэхчилэн нэг зүйлийг заримдаа удаан хийдэг болох төдийгүй ямар нэгэн зүйлийн тухай тогтож ярьдаг болж байгаа нь анхаарлын тогтворжилт сайжирч хэл ярианы чадвар нэмэгдэж байгаагийн шинж гэж та үзэж болно.

Үгийн нөөц нэмэгдэнэ. Өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлнэ. Харин өгүүлэх эрхтэн гүйцэд бүрэн хөгжөөгүйн улмаас хэлж буй үгийнхээ зарим авиаг буруу дууддаг. Нөгөөтэйгүүр хүүхэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг тул эцэг эх, ойр дотны хүмүүс хүүхэдтэйгээ байнга харилцаж  байх нь юу юунаас чухал. Зарим эцэг эхчүүд хүүхдээ энхрийлж, хайрлаж байгаагаа буруугаар илэрхийлдэг. Жишээ нь, томчуудын миний хүү хөөрхий хөөрхий гэхийн оронд “гөөлгий, гөөлгий”, чихэр гэхийг “жигэл” гэж ярих нь ярьж сурч буй хүүхдийн хувьд үг яриа буруу хэлэхэд их нөлөөтэйг мартаж болохгүй. Ингэж ярьснаараа та хүүхдээ бөөрөнхий хэлтэй нэгэн болгоно гэдгийг хатуу санаарай.

Баяжих ухаан цуврал номоороо алдартай нэгэн саятны эхнэр нярайлжээ. Саятан сэтгэл догдлон яаран очив. Тэрбээр хүүтэй болсон сайн мэдээг сонсохын хажуугаар, хүү нь чихгүй буюу төрөлхийн дүлий төрсөн тухай эмгэнэлтэй мэдээг дуулав. Гэсэн ч тэрбээр хүүгээ төрөлхийн дүлий гэдэгтэй санал нийлээгүй бөгөөд, миний хүү нэгэн цагт сонсголтой болно хэмээн бат итгэн, хүүгээ сонсголтой болж байна гэж байнга боддог байжээ. Тэрбээр 4 жил бүхий л сайн гэсэн эмч нарт үзүүлж эмчлүүлэхийг хүссэн ч тэднээс төрөлхийн дүлий учир ямар ч арга алга гэсэн ганцхан хариултыг л сонсдог байв. Саятан бууж өгсөнгүй бөгөөд, хүүгээ сонсголтой болно хэмээн бат итгэсээр л байв. Гэтэл нэг өдөр гадаадаас нэг сайн эмч ирж үзлэг хийж байгаа сурагаар, хүүгээ дагуулан очив. Тэгсэн эмч хүүг нь 40%-н сонсох чадвартай байна гэж хэлэв. Тэр л үгийг 4 жил хүлээсэн эцэг маш их баярлаж, удахгүй улам бүр сайжрах юм байна гэж бодоод учрыг лавлавал, эмч байгаль ээж таны хүүд ясны авиа дамжуулах чанарыг ашиглан шинээр нэгэн эдийг бүтээжээ... түүний ачаар таны хүү сонсох чадвартай болж хэмээн тайлбарлажээ.  Байгальд эцгийн хүсэл, итгэл нөлөөлсөн нь тэр ээ...  

Хөгжилтэй яриа

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

4 настай зээ хүүгээ зүгээр сууж байхыг харсан эмээ нь:

- Миний хүү юу хийгээд байна? гэхэд

Хүү хариуд нь, - Би бодоод л...сууж байна гэжээ.

Үнэхээр бодож, сэтгэнэ гэдэг хамгийн чухал ажил биш гэж үү.

4 настай хүүгийн яриа:

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

- Эмээ, та надад гомдчихсон юм уу?

-Үгүй, яасан миний хүү?

- Та, дүүг болохоор миний сайхан хүү гээд л байх юм, харин намайг тэгж хэлэхгүй болохоор л...

- Эмээ нь дүүг нь уйлаад байхаар нь саатуулах гээд л тэгж хэлсэн юм

- Аан, тиймүү.

Хоёр настай хүүхэдтэй харилцах арга барил:

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-       Хүүхдийг үеийх нь хүүхдүүдтэй хамт байлгахыг дэмжих, энэ нь бусдынхаа үйл хөдлөлийг ажиглан, тэдний яриаг чагнан бусад хүүхэдтэй харилцаж сурахад дөхөмтэй.

-       Хүүхдэдээ ном үзүүлж, ярьж байхдаа сэтгэл хөдлөлтэйгээр ярихын зэрэгцээ, “Үнэг ямар өнгөтэй байна вэ?”, “Энэ хүүхэд сайн хүүхэд үү? Муу хүүхэд үү?”, гэх мэт өөрт нь тохирсон асуултыг тавьж харилцан ярьж байх.

-       Номын хуудсыг хүүхдээр өөрөөр нь эргүүлж сургах.

-       Хүүхдэдээ аль болох зурагтай, өнгөтэй, том хэмжээтэй, хатуувтар хавтастай ном авч өгөх. Номоо урж болохгүй гэдгийг энэ л үеэс ойлгуулж, номтой зөв харьцаж сурахад туслана.

-       Өнгө өнгийн харандаа өгч хүүхдэдээ өнгийг нь хэлж ялгуулах.

-        Үлгэр ярьж байхдаа хүүхдийнхээ анхаарлыг татахын тулд сэтгэлийн хөдлөл бүхий дуу чимээ гаргаж, хоолойны өнгө аясыг өөрчилж ярих нь хүүхэд ойлгоход илүү дөхөмтэй.

-       Хүүхдээ хөгжүүлэх туршилт дасгал хийж болно. Жишээлбэл: ширээ эсвэл шалан дээр 3-5 тоглоом сонгоод хүүхдийнхээ өмнө тавь, эдгээр тоглоомыг хүүхдээр хэдхэн хором ажиглуулж харуулаад нүдийг нь аниул. Нэг тоглоомыг нь аваад ямар тоглоом байхгүй байгааг асуу. Байхгүй тоглоомоо сайн санадаг болтол тоглоомых нь тоог нэмэн хэд хэдэн удаа тоглуулж болох шүү дээ.  

Хоёр настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Таны хүүхэд хэлд орж, явж чаддаг болсноор түүний танин мэдэхүйн хөгжилд их өөрчлөлт ордог. Тухайлбал: олон зүйлийг мэддэг болж, тэднийгээ нэрлэж чадна. Сонссон бараг бүх үг, өгүүлбэрийг ойлгоно. 1-2 үгээр ярина. Тэд тоглоомыг илүүтэй сонирхдог. Гэхдээ эцэг эхчүүд тоглоом авч өгөхдөө хүүхэд тань ямар тоглоом сонирхдогийг нь бодолцохын хамт хүүхдийн зан төлөвт сайнаар нөлөөлөх тоглоомыг авч өгөх нь зүйтэй. Энэ насанд хүүхэд өөрийнхөө тоглоомыг бусадтай хуваалцах дургүй байх ба гарт нь багтахгүй байсан тоглоомоо бусдад өгөхгүйг хичээдэг.

            Юмсын хэмжээ, хэлбэр, зориулалтыг ч мэднэ. Жишээ нь: энэ том машин, тэр жижиг. Халбагаараа хоол иддэг гэхчилэн өөрийн хэрэглэдэг зүйлийнхээ зориулалтыг мэднэ. Томчууд ялангуяа аав, ээж, эмээ, өвөө зэрэг ойр дотны хүмүүс нь зурагтай ном үзүүлж байгаад утгыг нь ярих, эсвэл үлгэр ярьж өгөхөд маш их баярлаж, анхааралтай сонсоно, ойлгоно. Тэр ч байтугай номоо тэдний өмнө аваачаад номруугаа заагаад ярьж өгөхийг шаардана. Иймд эмээ, өвөө, ээж, аав нар аль болох цаг заваа гаргаж ач зээдээ, хүүхдэдээ сонирхолтой, тод өнгөтэй зурагтай ном авч өгч ярьж байх нь зүйтэй. Энэ нь багаас нь хүүхдийн танин мэдэх, сонирхол хэрэгцээг хангаж, мэдлэг төсөөллийг хөгжүүлэхэд тун хэрэгтэй. Харандаа бариад цаасан дээр хамаагүй сараачина. Үүнийг нь эцэг эхчүүд нь хорьж болиулах буюу зураг зурах болоогүй гээд харандаа, будгийг нь хурааж авч огтхон ч болохгүй. Сараачиж эрээчих нь хүүхэд зураг зурахын эхлэл гэж сэтгэлзүйчид хүлээн зөвшөөрдөг. Энэ насны хүүхэд өнгийг нэрлэж мэдэхгүй, харин сайн зааж өгвөл тогтооно.

            Өөрийнхээ насны хүүхдийг сонирхоно. Юу хийж байгааг нь харж зогсох дуртай. Телевизийн нэвтрүүлэг тэр дундаа байнга сонсдог дуучид, хүүхэлдэйн кино, богино хэмжээний сонирхолтой рекламыг анхааралтай “шимтэн” үзнэ.

            Бие даах чадварын эхлэл тавигддаг. Жишээ нь: халбагаа бариад хоолоо өөрөө идэж чадна, өөрсдөө ингэхийг хүсдэг.

            Энийг аваад ир, тэрийг аваад ир гэх мэт үгийг сайн ойлгож хариу үйлдэл үзүүлнэ. Түүнийг аваад ир гэхэд биелүүлж байвал “сайн байна” гэж магтан сайшаах хэрэгтэй. Юу хүсч байгаагаа үгээр илэрхийлж тусламж гуйна. Томчууд хүүхэдтэйгээ “Сайн уу?”, “Баяртай”, “Баярлалаа” гэдэг үгийг гарын дохио, сэтгэл хөдлөлтэйгээр хавсарч байнга хэлж байвал хүүхэд багаасаа хүнтэй мэндэлдэг, хүн юм өгөхөд баярлалаа гэх мэт үгийг байнга хэрэглэдэг дадал хэвшилтэй хүн болно. Өөрийнхөө нэр, өхөөрдөж өгсөн нэрээ хэлж чадна. Энэ насанд болох болохгүйн тухай ойлголттой болсон байдаг тул “Болохгүй” гэдгийг сайн ойлгуулж мэдрүүлж сургавал хүүхэд болохгүй гэсэн зүйлийг дахин хийхгүй. Гэхдээ өөрсдөө орчин нөхцлийг нь бүрдүүлэхгүйгээр, хүрсэн юм бүрийг нь болохгүй, хүүе хагалчихна, чадахгүй... гэж байнга харьцах нь хүүхдийн сэтгэлгээний хөгжилд сөрөг нөлөө үзүүлж биеэ даах, өөртөө итгэх чадварыг үгүй болгох аюултай. Энэ насны хүүхэд сайхан, муухайг ойлгодог, түүнийгээ “Гоо-гоо”, “Гоёоо”, “Баа-баа” гэсэн аялгаар илэрхийлдэг. Ер нь та хүүхэдтэйгээ сайн харьцаж, аливаа зүйлийн талаар залхууралгүй тайлбарлах юм бол энэ насны хүүхдэд ойлгохгүй зүйл гэж байдаггүй. Тиймээс таны хүүхдийнхээ төлөө гаргасан чармайлт тань ямагт үр дүнтэй байх болно. Танд амжилт хүсье.

Хүүхэд хөгжүүлэх арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Л.С.Выготский хүүхдийн оюун ухааны хөгжлийн хоёр түвшин байдаг гэж үзсэн.

1. Хүүхдийн хөгжлийн одоогийн түвшин:

Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж буй зүйлүүд     

Энэ бол өчигдрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм.

Хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийг араас нь дагаж явах ёсгүй.

2.Хүүхдийн хөгжлийн ойрын бүс:

Хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн яльгүй туслалцаатай хийж чадах зүйлүүд. /Ерөнхий загвар өгөх, санаа авахуулах, загнах, дэмжин урамшуулах гэх мэт/

Энэ нь хүүхдийн оюуны хөгжлийн маргаашийг тодорхойлж байдаг.

Сургалт нь хүүхдийн оюуны хөгжлөөс ялигүй урьтан, түүнийг араасаа дагуулан эрчимжүүлэх явах ёстой.

“Хөгжлийн өмнө явж байгаа цагт л сая сургалт нь сайн сургалт байх юм” гэж Л.С.Выготский бичиж байжээ.

Хүүхдийн хараахан хийж чадахгүй байгаа зүйлийг нь ялигүй туслан дөхүүлснээр хүүхдийн хөгжлийг эрчимтэй явуулах боломжтой юм.

Та хүүхдээ хөгжүүлэхийг хүсвэл энэ аргыг ашиглаарай.

 

Хогон мэдээлэл хүнийг хог болгоно

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Хүний сэтгэлгээний эерэг, сөрөг хандлага нь тухайн хүний эхийн хэвлийд байхаасаа эхлээд өнөөдрийг хүртлэх хугацаанд гэр бүлийнхэн, найз нөхөд, ангийнхан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт олон олон орчиноос авсан мэдээллийн эерэг эсвэл сөрөг хандлагаас шууд шалтгаалдаг байна. Үүнийг хүн дээр төдийгүй амьтан, ургамал дээр туршиж баталсан байдаг. Жишээлбэл: Нэг эхээс төрсөн нохойны хоёр гөлөгийг эерэг болон сөрөг сэтгэлгээтэй хоёр хүнд нэг нэгээр нь өгөн тэжээлгэжээ. Эерэг сэтгэлгээтэй эзэн нь нохойдоо үргэлж эерэг мэдээллийг өгөн, манай гэрийн үнэнч туслагч, бидний дотны анд нөхөр, гэр бүлийн маань нэг гишүүн гэх мэт байнга л эерэг мэдээллийг өгдөг байхад сөрөг сэтгэлгээтэй хүн нь нохойгоо загнан зандарч, бидэнд ямар ч тусгүй, хоол хороохоос өөр юм мэдэхгүй, харахаас хулгайч царайлчихаад гэх мэт байнга л сөрөг мэдээллийг өгөн, заримдаа бүр шавхуурдаж өсгөсөн байна. Гэтэл үр дүнд нь эхний айлын нохой үнэхээр итгэлтэй, тэдний дотны туслагч болж чадсан бол хоёрдох айлын нохой сүүлээ шарвагануулсан, хулгайч нохой болж өсчээ. Эндээс харахад мэдээлэл ямар хүчтэй зэвсэг гэдэг нь харагдаж байна. Харин та ямар мэдээллийг бусдаас сонсож, ямар мэдээллийг бусдад түгээдэг вэ? Та ямар хоол иддэг вэ? Муудсан хоолыг хэр удаан хугацаанд идэж чадах вэ? Байнга муудсан хоол идээд байвал бидний бие тэсэх үү? Мэдээлэл бол бидний оюун ухаан, сэтгэлгээний маань хоол юм. Бидний өдөр тутмын авч буй мэдээллийн 80%-аас дээш нь сөрөг буюу болохгүй, бүтэхгүй, муу зүйлийн тухай байдаг гэсэн судалгаа бий. Та энэхүү 80% нь муудчихсан хоолыг хэдэн жил зооглож байна? Таны "сэтгэлгээ" одоо "тэжээгдсэн хоол шиг ээ" болсон нь дамжиггүй. Та өөрийгөө хажуу талаасаа нэг хараад, үнэртээд үздээ... Таны бодол, таны үйлдэл, таны ажил амьдрал танд хэр зэрэг таалагдаж байна вэ? Энэ бүхэн таны авч байсан мэдээллүүдтэй холбоотой... Харин та яг одооноос ямар мэдээллийг сонсохыг хүсч байна? Хэрвээ эерэг, хэрэгцээтэй, ашигтай мэдээлэл авахыг хүсвэл "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн сонинг уншиарай, бас www.yaruuhan.bblog.mn блогоор аялаарай. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье.

Ээжүүдээ, таны хүсэл биелэх болно

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Чадна чадахгүй гэх бүрт таны зөв болдог. Генри Форд Дэлгэрэнгүй»

Эх хүний яруу алдрыг магтая

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг... Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та "гайхамшиг".
Б.Пүрэв: 2004 онд төрсөн. Зурах, робот болон онгоц, машин, байшин, хүн гэх мэт бүхий л зүйлийг эвлүүлдэг тоглоомоороо угсрах дуртай. Хараад, таалагдсан зүйлээ шууд л эвлүүлж угсардаг. Урамшуулан дэмжвэл бүх л зүйлийг маш сайнаар гүйцэтгэдэг. Зэмлэж загнавал маш зөрүүд зан ааш гаргадаг. Угсарч, эвлүүлсэн тоглоомоо дүүгээсээ харамлаад, бүр цаашаа тавьчих гээд хадгалуулдаг зантай. Гэхдээ дүүдээ хайртай. Байнга л үнсэж, эрхлүүлдэг. Өнөөдөр 2009 оны 1-р сарын 29-ны Пүрэв гараг. Ээж нь хүүгээ дэлхийд данстай зохион бүтээгч болоосой гэж маш их хүсч байна. Миний хүүд тийм чадвар байгаа. Миний сайхан хүү 2010 оны 9-р сард сургуульд орж, эрдэм номтой дотно нөхөрлөөрэй. 2014 оны хавраас олон сайхан шинэ бүтээлийн санаа олж, түүнийгээ цаасан дээр буулгаарай. 2019 оны хавар анхныхаа бүтээлийг зохион, анги хамт олондоо сонирхуулсан байгаарай. Харин 2024 онд эх орондоо хамгийн хэрэгтэй байгаа тэр л зүйлийг зохион бүтээгээд, дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулаарай. Миний хүүгийн зохион бүтээсэн тэр бүтээл Монгол улсын нэрийн хуудас болох болтугай гэж ээж нь ерөөе. Ээж нь хүүдээ итгэж байна. Ээж нь хүүдээ маш их хайртай.

Хүүхдийн яриа

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Та хүүхдийнхээ яриаг анхааралтай чагнана уу? Тэд үнэхээр ухаантай... Та шинэ үеийн хүүхдүүдийг бишрэх болно.

Таны бодол таны ирээдүйг бүтээдэг

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Хүн аливаа зүйлийг эерэг эсвэл сөрөгөөр хардаг. Ихэнхдээ чухам аль өнцгөөс нь хардаг эсэхээс таны эерэг эсвэл сөрөг сэтгэлгээ хамаарна.

Яруухан л бай л даа

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Өнөөгийн амьдрал дээр хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэгддэг үг, хэллэгт дүн шинжилгээ хиймээр байна. Учир юун хэмээвээс, бид нэг л агаараар амьсгалдаг...

Жишээлбэл:  - лайтай, -лайтай гоё, -лайтай машин гэх мэт.

Энэ үгийг хэрэглэдэг эрхэм та, "лайтай буюу лай" гэдэг үгээ мэдэх үү?

Мэдэхгүй болоод л хэрэглэдэг нь тодорхой... Үнэн хэрэгтээ "лай" гэдэг бол "гай, барцад", "лай ланчиг" гэсэн утгатай билээ. "Үг" өөртэйгээ ижилхэн энергийг дагуулдаг. /Энэ талаар миний блог дээр хангалттай мэдээлэл байгаа/ Өөрөөр хэлбэл, та тэр гайтай, барцадтай зүйлийг өөр дээрээ дуудаж байна гэсэн үг. Та үүнийг үнэхээр хүсч байна гэж үү? Түүнээс гадна гайтай, барцадтай юм гоё байна гэж байх уу? Лайтай хөөрхөн гэж юу гэсэн үг вэ? Утга байна уу? Энэ үгэнд, төдийгүй өөртөө, өөрийнхөө амьдралд дүн шинжилгээ хийх цаг нь болжээ... Та яаж амьдрахыг хүсч байна? Миний хувьд яруухан л амьдрахыг хүсдэг. Тиймээс хэлдэг үг минь: Яруухан л бай л даа...

Залуучуудаа, хэлж буй үгнийхээ утгыг сайн мэдэхгүй бол хэрэглэхгүй байхад л хангалттай. Таны амнаас гарч буй үг таны тухай ихийг мэдээлдэг юм шүү...

Таван настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Энэ насны хүүхэд гэм хоргүй боловч худлаа ярьж, зохиож мөрөөднө. Тэд гол төлөв урьд үзсэн, сонссон, мөрөөдөж байгаа зүйлээ зохиож ярина. Жишээ нь, үлгэрийг зөв эхэлж байснаа гэв гэнэт өөрчлөн сэтгэл хөдлөлтэй зохиож яриад эхэлнэ. Хүүхдийн сэтгэл зүйчид гэм хоргүй “худлаа” ярих буюу ургуулж дүрслэн бодох сэтгэлгээг хөгжүүлэх нь зөв гэж үздэг.

5 настангууд өмнөх насны хүүхдийг бодвол бусдыг сонсох чадвар нь сайжирч, яриа нь аажим цэгцэрч, аливаа зүйлийг “нухацтай” ажиглаж учир шалтгааныг олохыг хичээдэг болно.

Өмнөх насанд юмыг тогтоолгоход хэд хэдэн удаа давтаж хэлж байсан бол энэ насанд амархан тогтоох нь ажиглагддаг. Сэтгэл зүйчдийн судалгаагаар 5 настангууд цээжлэн тогтоох чадварын хувьд сургуулийн өмнөх бусад наснаас илүү байдаг нь тогтоогджээ. Сэтгэхдээ ерөнхийгөөс тодорхой руу сэтгэдэг онцлогтой. Жишээ нь, Гацуур мод зурж байгаа хүүхдийг ажиглахад эхлээд том зууван дүрс зураад модоо “босгочихно”. Харин дараа нь гацуур модондоо мөчир гарган чимж гоёно.

Энэ насныхны ярианы чадвар нь сайжирч, үгсийн аймгийн олон төрлийг яриандаа хэрэглэж чаддаг. Харьцуулан жишсэн үгс ярианд нь ажиглагдана. Жишээлбэл, уул шиг том, аав шигээ мундаг гэх мэт. Энэ нь дүрслэх сэтгэхүй нь хөгжиж байгаатай холбоотой.

Томчуудын яриа нь хүүхдийн хувьд загвар болдог учраас хүүхэдтэйгээ ярилцахдаа үгээ тод, бүтэн өгүүлбэрээр “том хүнтэй” харилцаж байгаа мэт ярилцах нь зүйтэй.  Энэ насанд өгүүлэх эрхтний хөгжил гүйцэж, яриа нь цэгцтэй, ярих чадвар сайжирч байгаа учраас томчуултай харилцах, ярих хэрэгцээ тэдний амьдралд чухал үүрэгтэй болж ирдэг.

Энэ наснаас хүүхдүүд найз, нөхөрлөлийн талаар “дэвшилттэй” ойлголттой, туршлагатай болно. Жишээлбэл, хэн миний найз байх вэ? Гэдэг нь тэдний сонголт байна. Улмаар сайн найзтай, өөрийн нууцтай болно. Тэд дотно хүндээ л нууцаа ярина.

Дөрвөн настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

4 настангуудын Яагаад? Яагаад ингэдэг юм бэ? Зурагтан дотор хэн байдаг юм бэ? Тэнгэрт яагаад олон од байдаг вэ? Зэрэг олон асуулт нь өмнөх насны хүүхдээс Энэ юу вэ? Тэр юу вэ? Хаана байна вэ? Зэрэг асуултуудтай харьцуулахад чанарын хувьд шат ахисан, эд юмсын гадаад шинжээс гадна, дотоод мөн чанарыг таньж мэдэхэд чиглэж байна.

            Үгэнд оромтгой, үгнээс гардаггүй 4 настангууд ярих маш дуртай, өөрийн бодож санаж байгааг бусадтай чөлөөтэй ярина. Гэхдээ яриа нь эмх цэгц муутай байна.

            Энэ насны хүүхдийн хүртэх зүйлийн хүрээ нэмэгдэж, шинэ шинэ зүйл мэдэхийн хэрээр хүмүүсийн ярьсан зүйл, сонссон үлгэрээсээ бодитой зүйл байдаг байдаггүйг ялгаж салгаж чадна. “Нээрэн үнэхээр тийм зүйл гэж байдаггүй шүүдээ” гэж хэлэх нь цөөнгүй. Жүжиг үзчихээд “жинхэнэ чоно байгаагүй шүү дээ. Яагаад гэвэл жинхэнэ чоно байсан бол биднийг идэх байсан” гэх мэтээр бодит зүйлийг бодит бус зүйлээс ялгахыг оролддог. Эндээс үүдэн хүүхдийн хэл яриа нь бодит дүрслэлийн сэтгэхүйн харьцуулах, жиших, төрөлжүүлэн бүлэглэх үйлдлийг хийж эхэлнэ.

            Жишээ нь, амьдрал ахуйд байнга харж, сонсдог танил зүйлийнхээ талаар сайн төсөөлөлтэй байна. Дөрвөлжин, дугуй дүрсийг таньж, ялгаж нэрлэдэг мөртлөө тэгш өнцөгт, трапецийн талаар төсөөлөлгүй байдаг. Тэгш өнцөгт дүрсийг дөрвөлжин л гэж нэрлэнэ. Төмс, лууван, байцаа, сонгино гэж нэрлэж чадах мөртлөө ерөнхий нэрийг нь хэлүүлэхэд хэлж чаддаггүй. Учир нь ерөнхий нэрийг хэлэх нь тусгай нэрийг хэлэхээс хэцүү байдаг.

            4 настай хүүхэд өөрийн болон аав, ээж, эмээ, өвөөгийн нэр, хүний биеийн зарим эрхтэн, өөрийн хэрэглэдэг зүйл, ойр орчныхоо ургамал амьтны нэрийг мэддэг, нэрлэдэг болно. Энэ нас хүүхдийн ярианы хөгжил сайжирч бусдын яриаг ойлгох, бусадтай үг яриагаар харилцах чадвар нь сайжирна. Яагаад, ямар учраас, Ингэдэг юм болоо? Гэсэн хүүхдийн сониуч зан, танин мэдэхүйн хэрэгцээ нь хүмүүстэй харилцах гол сэдэл болж тэр хэрээр үгийн баялаг нэмэгдэж, ярих чадвар нь энэ насанд мөн ажиглагддаг. Тухайлбал, өрмийг –өлөм, сэрээг-сэлээ, эрвээхэйг-элвээхэй, бөмбөг-бөбөг, сармагчин-самагчин гэх мэт авиаг солих, орхих эсвэл үе үндсээр нь буруу хэлэх алдаанууд гаргадаг. Гэвч өгүүлэх эрхтний хөгжил эрчимтэй хөгжиж буй энэ үед л насан хүрэгчид хүүхэдтэйгээ байнга ярьж, буруу хэлээд байгаа үг, үсгийг тухай бүрд нь засч залруулж байвал буруу дуудлага нь аяндаа засагдах болно.

            4 наснаас хүүхэд бусадтай хамтран тоглохыг илүүд үзэх болно. Өөрөөр хэлбэл, бусадтай харилцаанд байхыг эрмэлздэг болно.

5 настай хүүхэдтэй харьцах арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-Ямар ч тохиолдолд хүүхдийн бүтээлд үнэлгээ өгөхийг яаравчлах хэрэггүй. Хүүхдийнхээ зурсан зураг, хийсэн баримал зэргийг анхааралтай ажиглаж, “чи яагаад ингэж зурсан юм бэ?” гэх зэрэг асуултыг тавьж хүүхдээр өөрөөр нь бүтээлийг нь яриулаарай.

-Нэг төрлийн үйл ажиллагааг хүүхдээр удаан хугацаанд залхтал нь бүү хийлгээрэй. Харин хүүхдийн хамгийн их сонирхож байгаа зүйл дээр тулгуурлан шинэ зүйлийг зааж сургаж, шинэ дадал чадвар эзэмшүүлээрэй.

-Хүүхэд юмыг сонирхохгүй, асуухгүй байх нь танаас ихээхэн шалтгаална. Та хүүхдийнхээ асуултад анхааралтай хандаж хариулдаг бол хүүхэд тань танаас мянга мянган сонирхолтой, хачирхалтай асуулт асуух болно. Хүүхдийн асуулт бүрийн цаана шинийг мэдэх хүсэл эрмэлзлэл, шинэ мэдлэг, шинэ чадвар бий гэдгийг эцэг эх та бүхэн битгий мартаарай.

-Та 5 настай хүүхэдтэйгээ өдөр тутмын амьдралаас жишээ авч өглөө, орой, шөнө, өнөөдөр, маргаашийн талаар ярилцаарай. Энэ нь хүүхдийн тань цаг хугацааны талаарх ойлголтыг баяжуулах болно.

-5 хүртлэх насны зарим хүүхэд гийгүүлэгч авиаг тэр дундаа хамжин шүргэх, чичрэх, тэсрэх, /д, т, р, в, г, с, з, ш/ авиаг буруу дуудна. Буруу дуудахдаа тэд авиаг өөр хооронд нь солих /эрвээхий-элвээхий, сэрээ-сэлээ/, орхиж дуудах /халбага-хабаг, бүгдээрээ-бүдээрээ/, авиаг нэмэх /сандал-сандлага/ гэх мэтээр алдаатай ярьдаг. Дээрх байдал хүүхдийн тань ярианд илэрч байвал мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хүүхэдтэйгээ ажиллаарай.

Эхийн хүсэл биелдэг

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Сайн байцгаана уу? Хорвоогийн сайхан ээжүүдээ. Та бүгдэд "Эх хүн" хэмээх "Агуу" хувь тавиланг нэр төртэй үүрч яваад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цас

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Хотын нэгэн өглөө маш их цас орсон байлаа.

Сөрөг сэтгэлгээтэй хүн: - Ти, ти яасан хүйтэн өглөө вэ? гэсээр ажилруугаа явахад

Эерэг сэтгэлгээтэй хүн: - Ямар сайхан цэвэр агаартай өглөө вэ? Сайн шиг гүнзгий амьсгалаад авая хэмээн инээмсэглэн алхална.

Үр дүн нь:

Сөрөг сэтгэлгээтэй хүн: -Ярвайсаар ажилдаа орсон учир ажлынхантайгаа нэг л ойлголцохгүй... тэр өдрийн ажил нэг л бүтэл муутай...

Эерэг сэтгэлгээтэй хүн:  - Мишээсээр ажилдаа орсон учир, харсан хүн бүхэн хариу мишээж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй...

Таны өнгөрүүлсэн энэ л ганц өдрүүдийн хэлхээс таны амьдралыг бүтээнэ... Харин та аль нь вэ?

 

Анхаарал тавьсан нь

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
3 настай ач хүү эмээгийнхээ хиймэл шүдийг гярхайгаар ажиглачихжээ. Нэг өдөр эмээтэйгээ дэлгүүрт явж байгаад,  шүдний хэлбэртэй резинэн чихэрлүү зааж, -эмээ та өөртөө нэг шүд аваад хийчихдээ... гэжээ